НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 133 2.3.МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар даатгуулагчийн эрсдэл хүлээх нэгдүгээр босго үзүүлэлтийг 6 хувь байсныг 5 хувь болгон бууруулж хуульчлав. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувийн, 155 сум 5 хувийн малын хорогдлын босго үзүүлэлт буурч, малчид даатгалын үр шимийг хүртэх, малчдын даатгалд хамрагдах байдал нэмэгдэх юм. Мөн даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг хэсэгчлэн болон урьдчилан олгох зохицуулалтыг тусгалаа. Ингэхдээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хагас жилийн мал тооллогын дүнгээс өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох зохицуулалтыг тусгаснаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Малын давхар даатгалын компани нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас гадна бусад төрлийн арилжааны даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг тул хуульд заасан “малын давхар даатгалын компани” гэснийг “давхар даатгалын компани” болгон өөрчилж, давхар даатгалын компани тухайн жилийн аудитын тайлан, дүгнэлтийг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах хугацааг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдөр байсныг 4 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ТӨСӨЛ САНААЧИЛСАН Монгол Улсын Засгийн газраас 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн 2026.01.01 БАТАЛСАН ОГНОО 2025.12.12
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5