Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2025.09.15-2025.12.31

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 132 3.“Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол: Улсын Их Хурлаас 2026 онд улирлын чанартай төсвийн орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд: 2029 онд нийт 1.3 тэрбум ам.долларын төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа бөгөөд энэ нь төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй байгаа, мөн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам,шалгуур үзүүлэлтэд дахин санхүүжилтийн зорилгоор Засгийн газрын гадаад үнэт цаасны арилжааг жилд 2-оос дээшгүй удаа зохион байгуулахаар заасны дагуу олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 2026 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалах эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Засгийн газрын дотоод үнэт цаасны хувьд: Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлснээр дотоодын зах зээлд төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг тогтоон, аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлээс төвлөрүүлэх эх үүсвэрийн үнэлгээ бодитоор буюу харьцангуй бага хэмжээнд хүү тогтох, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 4.“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол: “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагч хуулийн этгээдийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийх, мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар арилжааг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэхүү тогтоол батлагдсанаар эдийн засгийн хувьд олон улсын зах зээлийн үнэд нийцсэн үнээр борлуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг уурхайгаас хил хүргэх тээвэр зохион байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэх боломж бүрдэх, Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5