Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 261 Нийслэлийн эмнэлгийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгдлээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хоёрдахь шатлалын эмнэлгийн орны тоо 1998 онд 1937 байсан бол 2008 онд 1822 болж, эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 1998 онд 292 байсан бол 2008 онд 515 болсон байна. Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтөөс шууд шалтгаалан тээврийн хэрэгсэлийн тоо эрс нэмэгдсэн, нөгөө талаас авто замын сүлжээ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалалыг даахгүй байна. Автозамын хөдөлгөөний түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 15-18 км/цаг (зохистой хурд 25 км/цаг) болж буурч, үйлчилгээний хуваарь зөрчигдөж, зорчигчдын тав тух алдагдан, автобус хоорондын хүлээлтийн хугацаа нэмэгдэв. /Хүлээлтийн дундаж хугацаа том оврын автобусны хувьд 4-5 минут, цахилгаан тээврийнх 6-7 минут, микро автобусных 34 минут орчим байна./ 427 км урттай автозамаар Улаанбаатар хотын иргэд өдөрт 3,4 сая зорчилт хийдэг бөгөөд үүнээс 2,4 саяыг нь нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчдог байна. Төрийн өмчийн 3, хувийн хэвшлийн 98 аж ахуйн нэгж, байгууллага нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж, 2008 онд өдөр тутамд их багтаамжийн автобус, троллейбусны 2 чиглэлд 486, бага багтаамжийн автобусны 65 чиглэлд 1100 гаруй бүгд 1603 автобус, троллейбус шугаманд ажиллаж байгаагийн зэрэгцээ таксийн 21 байгууллагын 645, нийт 248 тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэж байгаа боловч нийтийн тээврийн автобусны тоог 400-аар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо байгаа юм. Нэг иргэний өдрийн зундаж зорчилт-3,4 удаа, дундаж зорчилтын зай - 3,4 км, зарцуулдаг хугацаа нь 29 минут, дундаж хурд 8 км/цаг байна. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хомсдол, бохирдол ихэсч, Туул голын усны бохирдолт Гачууртаас эхлэн доошлох тутам нэмэгдсээр Биокомбинатын орчим хамгийн ихээр ажиглагдаж, Улиастай, Дунд голын ус өөрийгөө цэвэршүүлэх чадваргүй, азотын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3,2-3,9 дахин ихэссэн нь шинжилгээгээр тогтоогдов. Дамбадаржаа, Сэлбэ, Сэлх голын дагуух эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хөдөөнөөс нүүж ирсэн айлууд зөвшөөрөлгүй суурьшах болсноор голын ай сав бохирдож, Сэлхийн гол ширгэж, Сэлбийн гол ундрагагүй болжээ. Ийнхүү 2010 оноос хойш эх үүсвэрүүдээс олборлох усны хэмжээ дутагдах төлөв бий болоод байна. Нийслэлийн хүн амыг сийрэгжүүлэхийн тулд хөдөө орон нутагтаа иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөөд ажиллагсдыг түлхүү урамшуулах болон бусад арга хэмжээний эрх зүйн орчинг бий болгох шаардлага чухлаар шаардагдаж байна. Монгол улсад хүн амын шилжилт хөдөлгөөний судалгаанд 11 хүн туттын нэг нь шилжилт хөдөлгөөнд оролцож, шилжин буй 10 хүний 8 нь Улаанбаатар хотод ирж суурьшиж байгаа хэмээн бүртгэгджээ. Тэнцвэргүй шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан олон сөрөг нөлөө гарч байна. Нэн тэргүүнд нийгмийн салбарт ихээхэн хүндрэл учирч байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээний газруудын хүртээмж багассанаас үйлчилгээ муудаж, сургуулт завсардалт, халдварт өвчин ихсэж байна. Өрхийн орлого зарлага, амьжиргааны төвийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амын 36.1 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой байхад хотын хүн амын 27.3 хувь, аймгийн төвийн хүн амын 33,9 хувь, сумын төвд амьдрагчдын 44.5 хувь, хөдөөд амьдрагчдын 42.7 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой аж төрдөг ажээ. Энэ нь сумын төвийн хүн амын ядуурлын түвшин хотынхоос даруй 17.2 пунктээр, улсын дундажаас 8.4 пунктээр өндөр байна гэсэн үг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw