[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 260 ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНӨӨС ҮҮДЭН, УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН СУУРЬШИЛТАД БИЙ БОЛСОН ХҮНДРЭЛ, СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ /Лавлагаа-мэдээлэл/ Б.Буяндэлгэр, О.Нарантуяа Бүс нутгийн хөгжлийн ялгавартай байдал, нөөц, бололцоо, үйлчилгээний тэгш бус хүртээмжийн улмаас төвийн бүсийн аймаг, хотууд, ялангуяа нийслэл Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй явагдаж, Монгол Улсын газар нутгийн 0,3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод манай орны нийт хүн амын 40 хувь нь оршин сууж байна. Гэтэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн даац судалгаагаар 500 мянган хүн байх тооцоо байдаг атал өнөөдрийн байдлаар 2 дахин олон хүн ам оршин сууж байна. Улаанбаатарт шилжин ирэгсдийн дунд явуулсан aсуумжийн дүнгээр тэдний 41 хувь нь ажил эрхлэх, 38 хувь нь амьжиргаагаа дээшлүүлэх, 28 хувь нь зах зээлд ойртох зорилготой гэсэн хариулт өгчээ. Өрхийн орлого зарлага, амьжиргааны төвийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амын 36.1 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой байхад хотын хүн амын 27.3 хувь, аймгийн төвийн хүн амын 33,9 хувь, сумын төвд амьдрагчдын 44.5 хувь, хөдөөд амьдрагчдын 42.7 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой аж төрдөг ажээ. Энэ нь сумын төвийн хүн амын ядуурлын түвшин хотынхоос даруй 17.2 пунктээр, улсын дундажаас 8.4 пунктээр өндөр байна гэсэн үг. Улаанбаатарын хүн амын механик өсөлт нь хот төлөвлөлт, газар ашиглалт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамж, байгаль орчны тэнцвэрт байдлыг илт алдагдуулах боллоо. Улаанбаатар хотод 2000-2008 онуудад шилжин ирэгсдийн 30,2 хувь нь буюу 67,9 мянга нь сургуулийн насны хүүхэд, 7 хувь нь буюу 15,7 мянга нь тэтгэврийн насны хүмүүс байгаа нь нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо 1996 онд 126 мянга, 2000 онд 162 мянга, 2007-2008 оны хичээлийн жилд 184,3 мянга болжээ. БСШУЯ-наас батлагдсан нормативаар анги дүүргэлт 35 сурагч байдаг бол зарим сургуулийн нэг ангид 60 хүүхэд сурч байна. Анги дүүргэлт хэт их байгаа нь сурагчдын эрүүл мэнд, сургалтын чанарт нөлөөлөөд зогсохгүй багш нарын хүүхэдтэйгээ ажиллах боломжийг хязгаарладгаас сургууль завсардалтанд нөлөөлдөг. Харин хөдөө орон нутагт байдал эсрэгээрээ байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийг нэг сурагчид ногдох нормативт зардлаар санхүүжүүлж байгаа нь 10 жилийн сургуулийн хувьд 500-аас доош хүүхэдтэй, 8 жилийн сургуулийн хувьд 300-аас доош суралцагчидтай тохиолдолд эдийн засгийн хувьд оршин тогтноход хүндрэлтэй байгаа юм. Гэтэл шилжих хөдөлгөөнөөс үүдэн энэ хичээлийн жилийн байдлаар 500-аас доош хүүхэдтэй 10 жилийн сургууль 42, 300-аас доош хүүхэдтэй 8 жилийн сургууль 98 байна. Манай орны ихэнх сургуулиуд 320 хүүхдийн хүчин чадалтай баригдсанаас хөдөөгийн сумдын сургуулийн хувьд байрны хүчин чадлыг гүйцэд ашиглаж чадахгүй байгаагаас гадна зардлын ихэнхийг халаалтад зарцуулж сургалтын материаллаг орчинг сайжруулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ямар ч боломжгүйд хүрч байна
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw