[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 259 түмний төлөөлөгчдийн байгууллага болж Монгол оронд парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орлоо. Монгол улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёрт, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхижиж буйгаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж буйгаар тодорхойлогдож байна. 1992-1996 оны УИХ-ын үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоог шинээр батлагдаад байсан Үндсэн хууль, түүний хавсралт хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх асуудал байлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа нь улс орны нийгэм-эдийн засгийн шилжилтийн үеийн тулгамдсан асуудал, зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байв. Шилжилтийн ээдрээ, бэрхшээлтэй энэ үед нийгмийн олон талт харилцааг хуулиар зохицуулах, улс орон, иргэдээ хууль зүйт ардчилсан нийгэмд зохицон амьдардаг болоход энэ удаагийн УИХ их үүрэг гүйцэтгэж, үүгээрээ парламентын хөгжлийн нэг чухал үеийг туулжээ. 1996-2000 онд УИХ-ын үйл ажиллагааны гол зорилго нь эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ардчилсан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахтай холбоотой харилцааг сайжруулахад чиглэгдэж байв. Засгийн газраас эдийн засгийн нилээд зоримог гэж хэлж болох арга хэмжээнүүдийг авч явуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, Засгийн газар, парламентын харилцааны ээдрээтэй асуудлуудтай тулгарч, шийдэж байсан нь парламентын төлөвшлийн явцад ихээхэн туршлага, сургамж болсон юм. 2000-2004, 2004-2008 онуудын УИХ ардчилсан төрийн тогтолцоог хөгжүүлэн, төрийн эрх мэдлийн хуваарилалтын механизмыг зүгшрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлэх томоохон алхамуудыг хийсэн юм. Ардчилсан, чөлөөт сонгуулийн үндсэн дээр ард иргэдээсээ сонгогдсон парламентын хувьд үйл ажиллагаагаа иргэд сонгогчдод ил тод, нээлттэй байлгах талаар энэ хугацаанд УИХ ихээхэн анхааран ажилласан юм. Улсын их хурлын гишүүний болон парламентын олонхи, цөөнхийн эрх зүйн байдал, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хуулийн төсөл боловсруулах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг УИХ бүх л үйл ажиллагааныхаа явцад боловсронгуй болгож иржээ. Ийнхүү улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэн даван туулахын хирээр парламент өөрөө хөгжин төлөвшиж ирлээ. Ашигласан материал 1. Монгол Улсын анхны байнгын парламент 1990-1992, эмхтгэсэн: Н.Жанцан, Улаанбаатар, 2007 2. Монгол Улсын Их Хурал 2000-2004, эмхтгэсэн: Х.Дамдинсүрэн, Улаанбаатар, 2004 3. Монгол Улсын Их Хурал 2004-2008, эмхтгэсэн: Ж.Нарантуяа, Улаанбаатар, 2008 4. Л.Өлзийсайхан: Парламент, Улаанбаатар, 2001 5. Д.Лүндээжанцан, Л.Өлзийсайхан: Парламентат ёс, Улаанбаатар, 2005
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw