[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 258 2. Парламентат ёсны төлөвшил 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийг бий болгосон юм. 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль”-ийг баталж, төрийн эрх барих байгууллагыг шинэчлэхдээ нам, төрийн үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчилалыг хөгжүүлэх бодлого баримталжээ. Төрийн эрх барих уламжлалт дээд байгууллага-Ардын их хурал, парламентат ёсны шинэ байгууллага-Улсын бага хурал, төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, тэдгээрийн хооронд эрх мэдлийн харилцан хамаарал, зөв тэнцэлтэй хуваарилах зарчмыг гол болгосон. Монгол оронд 1990 оны 6 дугаар сард анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгууль явагдаж, парламентат ёсны шинэ төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын бага хурлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн байгуулсан юм. Ийнхүү Монгол улс ард иргэдээсээ эх үүсвэртэй төртэй байх бололцоо анх удаа бүрджээ. 1990-1992 он бол Монгол улсын хувьд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн төдийгүй Үндсэн хуулийн шилжилтийн үе байсан юм. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд АИХ-аас байгуулагдсан, АИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг Улсын бага хурал онцгой байр эзэлнэ. Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага УБХ парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэж, энэхүү төлөвшилтийн явц түгээмэл утгаараа хуулийн хүрээнд өрнөсөн. УБХ бол Монгол улсын анхны байнгын ажиллагаатай парламент байлаа. АИХ-аас даалгаснаар УБХ Монгол улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрлөхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, АИХ-д өргөн барьсан юм. 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын Бүгд найрамдах улс боллоо. Шинэ Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхэд тэнцвэржүүлэн хуваарилаж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан юм. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тэнцвэрт байдлыг хангаж байх тэргүүлэх үүрэгтэй байгууллага нь Улсын Их Хурал болжээ. УИХ хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож өгнө. УИХ хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын ямарч асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008 онуудад нийт таван удаа парламентын сонгууль болоод байна. Монгол улсын хувьд 1990-1992 онд байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох УБХ парламентын уламжлалт үеэс парламентат ёсонд шилжих замыг туулсан юм. 1992 оноос УИХ хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан ард
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw