[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 257 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХӨГЖЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ \Лавалгаа, мэдээлэл\ Р.Хатанбаатар 1. Түүхэн товчоо Өнөөгийн Монголын нутагт Хүннүгийн үеэс Богд хаант улсын үе шувтартал хоёр мянгаад жил (МЭӨ 209 оноос 1924 он) оршин тогтнож байсан феодалын хаант улсуудад төрийн хэргийг хэлэлцэх, хааны эрх мэдлийг зарим талаар хязгаарлах, зөвлөх үүрэг бүхий байгууллагууд байсан түүхэн уламжлал бий. Жишээлбэл, Их Монгол улсын (1206-1368) Их хуралдай нь хааныг сонгож, төр улсын тулгамдсан асуудлыг магадлан хэлэлцсэний үндсэн дээр хаанд зөвлөх эрх, үүрэг бүхий төрийн байгууллага байсан. Дундад эртний энэ үеийн Монголын улсуудын Хуралдай нь ард түмний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага бус, язгуур угсаа, албан тушаалын зарчмыг баримтлан байгуулагдсан, хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэггүй зөвлөх үүрэгтэй байгууллагууд байлаа. Мөн Богд хаант Монгол улсын (1911-1919) үед улс төрийн аливаа хэргийг бүгдээрээ нийлэн шүүмжлэн хэлэлцэж, олны бодлыг нийлүүлэх зорилго бүхий Улсын дээд, доод хурлыг байгуулж байв. Улсын хурал нь уламжлалын дагуу Хуралдайтай адилаар байгуулагдсан, сонгуулийн бус, зөвлөх эрх бүхий байсан боловч өмнөх үеэс ялгаатай нь Улсын доод хуралд язгууртан угсаагүй бичиг, цэргийн түшмэд орсон, төрийн хэргийг шийдэхэд олны саналыг авахын тулд төлөөлөгчдийн байгууллагаар хэлэлцдэг парламентат ёсыг Монголд анх нэвтрүүлж эхэлсэн онцлогтой. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа төрийн шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар үзэл бодлын ялгаа болон олон улсын тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдүгээрт, эртний төрт ёсны уламжлал дээр суурилан төрөө цаг үеийн бодит байдалд зохицуулан хөгжүүлэх; хоёрдугаарт, үндсэн хуульт хаант засаг байгуулах; гуравдугаарт, социалист хэлбэрийн төр буюу пролетарийн диктатур байгуулах гэсэн үндсэн сонголтуудтай тулгарсан юм. Түүхэн баримтаас үзэхэд тэр үеийн Монголын удирдагчдын ихэнхи нь үндэсний ардчилсан үзлийг баримтлан, парламентат ёсыг тогтоохыг эрмэлзэж байсан байдаг. Монгол улсын Их хурал 1924 онд анхны үндсэн хууль баталж, уг хуулиар Монгол улсыг Бүгд найрамдах улс болгон тунхагласан юм. Анхдугаар Үндсэн хуулиар Улсын их хурал бол төрийн эрхийг барих дээд байгууллага бөгөөд хурлын чөлөө цагт Улсын бага хурал төрийн эрхийг барина гэж заасан. Ийнхүү парламентат ёс Монгол оронд төлөвших эхлэл тавигдсан боловч тухайн цаг үеийн байдал, гаднын улс орны шахалтаар хууль ёс гажуудан, Улсын их хурал ёс төдий байгууллага болон хувирчээ. 1940 онд батлагдсан хоёр дахь Үндсэн хууль нь нэг намыг улс төрийн тогтолцооны цөм болгон баталгаажуулсан хууль байсан боловч амьдралд хэрэгжсэн ардчилсан шинжтэй зарим хэм хэмжээ, тухайлбал, төлөөллийн ардчилалын үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. 1944 онд сонгогчдын хувьд тавьж байсан элдэв хязгаарлалтыг хүчингүй болгож, сонгуулийн эрх нь хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн тогтолцоог ардчилах томоохон алхам хийн УИХын сонгуулийг шууд, тэгш, саналаа нууцаар хураах үндсэн дээр сонгуулийн тойргоор явуулж байхаар болсон. Ийнхүү парламентат ёсыг Монголд төлөвшүүлэх чухал алхам хийгдсэн юм. Гэхдээ 1990 он хүртэл тухайн үеийн социалист системийн бусад орнуудын адилаар манай улсын АИХ нь хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх болон сонгогдон байгуулагдах байдлаараа өнөөгийн ардчилсан нийгмийн үеийн парламент болон бүрэн төлөвшиж чадаагүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw