[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 184 XX зууны эцэс XXI зууны эхээр дэлхийн ихэнхи улс оронд улсын салбарын шинэчлэл явагдаж, төрийн удирдлагыг өөрчлөх цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэ удирдлагын тогтолцоонд шилжүүлэх өргөн цар хүрээтэй үйл явц явагдсан, одоо ч үргэлжилж байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь төрийн байгууллагыг тогтолцооных нь хувьд үр ашгийг нь нэмэгдүүлэх, төрийг өндөр чадавхитай, мэргэшсэн боловсон хүчин бүхий, ингэхдээ эдгээр боловсон хүчинд зарцуулж буй зардлаа хянадаг, тооцдог чадвартай хүчирхэг ажил олгогч болгох, хувийн хэвшил, ард иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх цогц зорилтуудыг шийдвэрлэх шаардлагыг дэвшүүлжээ. Улсын салбарын шинэчлэлийн голлох салбар, чиглэл нь нийгэмд төрийн үүрэг, төрийн удирдлагын байгууллагуудын бүтэц, төрийн аппаратын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн албаны удирдлага, санхүүгийн удирдлагын шинэчлэл, төрийн удирдлагын ил тод, тайлагнах байдал зэрэг болно. Дэлхийн зарим улсад, тухайлбал, Австрали, Шинэ Зеланд, Их Британид улсын салбар, төрийн удирдлагыг бүхэлд нь, үндсээр нь шинэчлэх (New Public Management) байдлаар явагдсан бол Герман, Финлянд, Голланд зэрэг оронд аажмаар шинэчлэх, Канадад аль алийг нь хослуулах замаар энэ шинэчлэлийг хийж байна. Ингэхдээ энэ хоёр замын алиныг нь ч сонгосон хувийн секторын удирдлагын давуу талыг онцолж, түүний арга, загварыг хэсэгчлэн болон бүхэлд нь төрийн удирдлага, улсын салбарын удирдлагад нэвтрүүлэх, төрийн захиргааны шинэчлэл уламжлалт бюрократ тогтолцоонд бус, харин аж ахуй эрхлэх менежментэд суурилах, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг нийлүүлэхэд өрсөлдөөнийг дэмжих, гүйцэтгэлд үндэслэсэн үнэлгээ нэвтрүүлэх, төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хувьчлах явдлыг тэргүүлэх чиглэл болгожээ. Төрийн удирдлага, захиргааны шинэчлэлийн нэг гол чиглэл нь төр, иргэн, хуулийн этгээдийн хоорондын харилцааны нэг үндсэн хэлбэр болох төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх явдал бөгөөд төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх нэг чухал арга нь төрийн зарим чиг үүргийг улсын бус секторт шилжүүлэх үйл ажиллагаа юм. Төрийн зарим чиг үүргийг хувийн сектор, төрийн бус байгууллагад шилжүүлэх нь ардчилсан, өндөр хөгжилтэй улс орнуудын улсын салбарын хөгжлийн орчин үеийн хандлага бөгөөд төрийн зарим үүргийг гүйцэтгэхэд “гуравдугаар сектор” оролцох нь үйлчилгээг тодорхой, шуурхай болгох, зардал хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, захиргааны хүнд суртлыг халж, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээг нэн тэргүүнд тавих боломжийг олгодог байна. Төрийн үйлчилгээ нь төрийн нийтийн чиг үүрэгтэй шууд холбоотой ба төрийн байгууллагууд эдгээр үүрэг дээр үндэслэн уг үйлчилгээг үзүүлдэг. Төрийн үйлчилгээ нь төрийн чухам ямар чиг үүрэгтэй холбогдон гарч ирдэг вэ гэдэг асуудлыг тодруулах үүднээс төрийн чиг үүргийн дараахь хоёр том бүлэг болгон авч үздэг. Үүнд: 1. Иргэд, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн төрийн чиг үүрэг 2. Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоогүй чиг үүрэг болно. Төрийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлах, данслаж цэгцлэх үйл явцад (Inventory of function) эдгээр чиг үүргийг дараахь 3 бүлэг болгон хуваажээ. Үүнд: 1. Хууль, хэм хэмжээ тогтоох чиг үүрэг 2. Хууль хэрэглэх чиг үүрэг 3. Төрийн (нийтийн) үйлчилгээ үзүүлэх ба төрийн өмчийг удирдах чиг үүрэг болно. Төрийн зарим чиг үүргийг улсын бус салбарт шилжүүлэн гүйцэтгүүлэх асуудал нь энэ 3 дугаар бүлэг чиг үүрэг буюу төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой юм. Төрийн буюу нийтийн үйлчилгээ нь бусад үйлчилгээнээс ялгарах дараах онцлог шинжтэй байдаг. Үүнд: Эдгээр нь бүх нийтийг хамарсан, нийтийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг хангадаг. Уг үйлчилгээг хүртдэг субъект нь хязгааргүй хүрээтэй байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw