[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 173 Төрийн байгууллагын үйл ажиллагаа нь иргэд, олон нийтэд хаалттай, тэдний оролцоо, идэвхи сул байх нь хүнд суртлыг өөгшүүлж, төрийн захиргааг үр ашиггүй, хяналтгүй болгож улмаар хуулийн болон засаглалын хямралыг бий болгодог ажээ. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд хөгжиж буй улс орнуудад улсын салбарын шинэ удирдлагын арга зүйг сайн засаглалын элементүүдтэй хослуулан хөгжүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжсэн бодлого явуулжээ. Нийгмийн хариуцлага нь төрийн болон хувийн байгууллага үйл ажиллагааныхаа нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөний төлөө хариуцлага хүлээх чадвартай байх, иргэд, олон нийттэй хамтран нийгмийн сайн сайхан байдлыг хангахад идэвхитэй, санаачлагатай байх чадавхийг бий болгох асуудал бөгөөд харин нийгмийн аудитийн тусламжтайгаар тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын байдлыг тодорхойлдог юм. 2. Нийгмийн аудитын зорилго, арга зүй, үндсэн зарчим Байгууллагууд дараахь зорилгоор нийгмийн аудитыг гүйцэтгэдэг. Үүнд: Үйл ажиллагаандаа сонирхогч талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар гүйцэтгэлээ сайжруулах, Сонирхогч талуудтай холбоотой гүйцэтгэлийн шалгуурыг хөгжүүлж боловсронгуй болгох, байгууллагыг хөгжилд чиглүүлэх, Ил тод байдал болон тогтмол тайлагнах хариуцлагаа нэмэгдүүлэх зэрэг болно. Нийгмийн аудит нь байгууллагын үйл ажиллагаан дахь гажуудал, байвал зохих норм хэм, хэмжээнээс зөрүүтэй алдаа, дутагдалд хүргэж буй хүчин зүйлүүдийг илрүүлэхэд чиглэдэг. Нийгмийн аудит нь санхүүгийн аудитын нэгэн адил “Ямар байна?”, “Ямар байх ёстой вэ?” гэсэн асуудалд хариулт өгөх замаар харьцуулан шинжилдэг бөгөөд харин түүнээс ялгаатай тал нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, байх ёстой хэм хэмжээнээс зөрсөн алдаа, эрсдлийн үндсэн шалтгааныг илрүүлэн, оновчтой удирдлагын хөтөлбөрийг тодорхойлж “Юу хийх вэ?” гэсэн асуултанд хариулт өгдөг байна. CIET /Building the community voice into planning/- гэдэг олон улсын байгууллага нь олон арван жилийн турш засаглалд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт баримт нотолгоонд суурилсан төлөвлөлт хийх орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд нь туслалцаа үзүүлж ирсэн ба нийгмийн аудитын арга зүйг боловсруулсан байна. CIET нь нийгмийн аудитыг ардчиллын хэрэгсэл гэж үздэг бөгөөд энэ нь баримт нотолгоонд тулгуурласан төлөвлөлт хийхэд шаардагдах арга барил, чадавхи, олон нийтийн дуу хоолойг сонсох эрмэлзлэл зэргийг агуулсан үйл ажиллагааны хүрээ хэмээн тодорхойлжээ. Нийгмийн аудитын үзэл санаа нь маш энгийн: нийтийн үйлчилгээг39 хүртэгч хүмүүсээр нь үнэлүүлж, гарсан үр дүнг үйлчилгээ үзүүлэгч, олон нийтийн оролцоотойгоор уг үйлчилгээг сайжруулахад ашиглана. CIET-ийн боловсруулсан нийгмийн арга зүй долоон бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: Баримт нотолгоо олох: Нийтийн үйлчилгээ тэр бүр хүсэн хүлээж байснаар хэрэгждэггүй. Үйлчилгээ үзүүлэхэд гардаг хамгийн энгийн алдаа бол үйлчилгээ хэрэгтэй байгаа учраас түүний хамралт, үр нөлөөг хангаж болно гэж үзэх явдал юм. Харин үйлчилгээ хэр хүртээмжтэй байна вэ, чухам яаж хэрэгжиж байна вэ гэдгийг мэдэхийн тулд баримт нотолгоо зайлшгүй хэрэгтэй. 39 Нийтийн үйлчилгээ-public service
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw