[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 164 2002 онд шинэ Эрүүгийн хуулиар дараахь төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл) зандалчлах (177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл) Терроризм гэсэн зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан. Төрлөөр устгах (302 дугаар зүйл) бие махбодид хүнд гэмтэл учруулсан, төрөлтийг хүчээр зогсоосон, хүүхдийг бусад бүлэгт шилжүүлсэн, албадан зайлуулсан зэрэг хүн амь нас бусниулаагүй дөрвөн үйлдэлд цаазаар авах ял хэрэглэхээр заажээ. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд төрлөөр устгах гэмт хэрэгт цаазаар авах ял тогтоогоогүй бол Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулиар цаазаар авах ял заасан байна. Ийнхүү Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийг өмнөх хуультай (1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай) харьцуулахад цаазаар авах ялыг хэрэглэх хүрээг өргөжүүлсэн байна. Монгол Эмнести Интернэшнлийн Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял судалгааны тайланд 1965-2006 он хүртэл Монгол Улсад цаазаар авах ялыг шүүхээс сүүлийн 40 жилд ногдуулсан байдлыг Хавсралт 2-оос харна уу. Дөрөв. Цаазар авах ялын талаархи олон нийтийн санаа бодол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсад цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түр хугацаагаар түдгэлзүүлэн татгалзах санал гаргаж үг хэлсэнтэй холбогдуулан энэхүү ялын талаар олон нийт санаа бодлоо илүү их илэрхийлэх болсон. Тиймээс энэ хугацаанаас хойш өдөр тутмын зарим сонинд гарсан нийтлэлд цаазаар авах ялыг халах асуудлаархи олон нийтийн санаа бодол, байр суурийг нэгтгэн үзэв. Түүвэр хийж авсан 23 нийтлэлд үзэл бодлоо илэрхийлсэн улс төрч 4, хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ТББ-ын ажилтан 2, хууль, хяналтын байгууллагын ажилтан 8, иргэд 7, сэтгүүлч 3 байна. Эдгээрээс зарим гол санааг хураангуйлан авч үзвэл: Ардчилсан, хүмүүнлэг нийгэмд гэмт хэрэг хийсэн хэмээн бусдыг цаазаар авах нь дэндүү харгислал гэдгийг Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү санаачилга олон нийтэд төдийгүй бусад улс гүрэнд ч харууллаа. Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа орнуудын чиг хандлагаас харахад уг ялын хэрэглээг зөвтгөхдөө ихэвчлэн онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эсхүл, олон нийтийн сэтгэл зүй бэлтгэгдээгүй гэсэн шалтаг хэлдэг. Гэвч энэ нь зөв шийдвэр болохын нотолгоо болж чадаагүй. Цаазаар авах ял нь хүний амьд явах эрхийг зөрчиж байгаа хүнлэг бус ял шийтгэл, төрийн харгислал юм. Ардчилсан нийгмийн нэг зарчим нь төрийн эрх ард түмний мэдэлд байдаг. Монгол Улсад ч мөн адил үүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Тиймээс хүн өөртөө байхгүй эрхийг төр засагт шилжүүлж болохгүй. Цаазаар авах ялаас түдгэлзэхэд эрүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөс илүү нийгмийн уур амьсгал эрүүлжиж, гэгээрнэ. Амийг нь хөнөөхөөс илүү ялыг нь үүрүүлж хорих, учруулсан хохирлыг нь төлүүлж, барагдуулах нь шудрага ёсонд илүү нийцнэ. Цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих нь гэмт хэрэгтэнд гэмшил төрүүлж, хийсэн бузар үйлдэлдээ харамсах, гашуудах, ухаарч, ойлгох боломжийг олгох магадлалтай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw