[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 132 Дээрхи хувилбарууд нь ихэнхдээ тухайн улсын Засаглалын тогтолцооноос шалтгаалдаг байна. Тухайлбал, үүний тодорхой жишээ нь АНУ-д сонгуулийн үр дүнд сайд нь солигдоход төрийн албан хаагчдын хөдөлгөөн их гардаг бол Герман улсад зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга болон газар хэлтсийн дарга нар солигддог. Гэхдээ, Герман улсад Төрийн нарийн бичгийн дарга нь хоёр байдаг бөгөөд энэ жишиг одоогоор манай улсад Ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр дэд даргатай, Яамдын түвшинд Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байдагтай зүйрлүүлж болох юм. Тухайлбал, Герман улсад нэг Төрийн нарийн бичгийн дарга нь яамны дотоод асуудлыг голчлон хариуцаж улс төрөөс хараат бусаар тогтвортой ажил үүргээ гүйцэтгэдэг бол нөгөө Төрийн нарийн бичгийн дарга нь сайдын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамыг сайдтай (Засгийн газар), парламенттай холбож өгдөг чухал албан тушаал гэж үздэг. Улс төрийн бодлогыг хэрэгжүүлэгч төрийн нарийн бичгийн дарга нь парламентад тухайн салбарын асуудлыг хариуцаж ажилладаг. Ийм албан тушаалыг төрийн захиргааны гэхээсээ илүүтэй улс төрийн шинжтэй гэж үздэг. Германд төрийн албан хаагч намын гишүүн байж болно. Гэхдээ улс төрийн үзэл бодлоо даруу илэрхийлэх, аль нам гэдгээ ил тод байлгах хэрэгтэй гэж үздэг. Улс төрийн намын гишүүн төрийн албан хаагчийн хувьд биеэ хэрхэн зөв авч явах эсэх нь тэр хүний соёлоос их хамаардаг аж. Германчууд намын харъяаллыг нууцлах нь сөрөг нөлөөтэй гэж үзнэ. Германчууд хэдий намын харъяалал ил тод байдаг ч улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэдэг ба иргэд ч төрийн албан хаагчиддаа хүндэтгэлтэйгээр хандаж сурсан байдаг. Энэ уламжлал Пруссын эзэнт улсын үеэс үүдэлтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг ба олон улсад Герман соёл хэмээн нэрийдсэн нь бий. Дээрх хоёр хувилбар тус бүрдээ өөрийн ололт, дутагдалтай байна. Тухайлбал, АНУ-ын систем бол манай улсын нөхцөлд тохирох магадлал муутай. Учир нь, АНУ бол хүний нөөцийн боломж сайн, өөрийн хүчирхэг аппаратыг цаг тухайд нь шинээр бүрдүүлэх бүрэн боломжтой улс бөгөөд манай улсад төрийн мэргэшсэн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээр тухай бүр солих асуудал хүндрэл учруулна. Нөгөө талаар, АНУ бол төрийн байгууллын тогтолцоо нь манайхаас өөр улс билээ. Тус улсад ийнхүү төрийн албан хаагчдыг сонгуулийн үр дүнд солих хандлага нь төрийн дээд байгууллагын хүрээнд л байна. АНУ-д төв Засгийн газрын хэмжээнд Улс төрийн албан хаагч 2000 орчим хүн байдаг байна13. Харин Герман улсад удирдах албан тушаалтан нь солигдож байгаа үндэслэл нь сайдын баг болж удирдлагын түвшинд бодлого тодорхойлоход оролцдог гэж үздэгтэй холбоотой. Япон улсын төрийн албаны тогтолцоог Герман улсаас өнгөрсөн зууны дунд үеэр хааны эрх мэдлийг хязгаарлаж засаглалын шинэ хэлбэрийг сонгосоны дараагаар хуулбарлан авч хэрэгжүүлсэн гэж үздэг14. Эдгээр улсууд нь засаглалын хувьд манай улстай төстэй тул жишиг болгон үзэх боломжтой. Тус улсын тогтолцоогоор төрийн албаны удирдах албан тушаалд томилогдохын тулд тухайн салбарын бүхий л албан тушаалыг хашиж үзсэн, тухайн салбарын ажлаа маш сайн мэддэг болсон байхыг чухалчилдаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны карьерийн системийг нилээд сайн хэвшүүлсэн байна. Карьерийн системийг олон улсад Хүний нөөцийн удирдлагын шинжлэх ухааны хэлээр Мерит систем гэж нэрлэдэг. 13 Энэ тоог АНУ-ын Төрийн албаны төв байгууллагын ажилтан Монгол улсад айлчлах үеэр хийсэн семинарын үед авсан тоо билээ. Судлаач. 14 http://www.jstor.org/pss/440930 . Japanese Civil Service System. Relevance for Developing Countries. V V Bhatt, Hyung-Ki Kim. June 3. 2000
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw