266 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 266 Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тэтгэврийг хуримтлалаас тооцож тогтоох (Defined Contributions буюу DC) аргачлалыг ашиглана. Өөрөөр хэлбэл, ажил эрхлэгч тэтгэвэрт гарахад нийт хуримтлагдсан мөнгөнөөс хамааран авах тэтгэвэр нь тогтоогдоно. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тодорхой хугацааны туршид хуримтлал бий болсны дараа тэтгэврийн хуваарилалт хийгддэг учраас энэ тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй байдаг. Тэтгэврийн тогтолцоонд туйлын зөв тогтолцоо гэж байхгүй бөгөөд аль ч тогтолцоо нь өөрийн давуу, сул талтай байдаг учраас практикт хуваарилалтын болон хуримтлалын тогтолцоог хослуулан хэрэглэх нь элбэг байдаг байна. Тухайлбал, Герман, Франц, Итали, Америк зэрэг орнууд нь анх зөвхөн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлсэн боловч Америк Их хямралын дараа, Герман, Франц, Итали Дэлхийн II дайны дараах гиперинфляцын үед хуваарилалтын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Дэлхийн II дайны дараах эдийн засаг болон хүн амын өсөлтийн тааламжтай нөхцөлд барууны олон улс хуваарилалтын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн нь тухайн улс орнуудын нийгэм-эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байдаг. Гэвч хүн амын насжилт болон санхүүгийн их хямралын дараах эдийн засгийн сул өсөлт нь хуримтлалын тогтолцоог хөгжүүлэх шаардлагыг бий болгож, улс орнууд тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх бодлого баримтлах болсон. Тэтгэврийн хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны давуу болон сул талыг авч үзвэл: Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооны үед тэтгэвэр авагч урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох давуу талтай байдаг бол нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн бодлогоос өндөр хамааралтай байдаг тул төрөөс тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тулгарч байдаг. Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны үед тухайн хүний хуримтлуулсан шимтгэлээс хамааруулан тэтгэвэр тогтоох тул хүн амзүйн болон төсөв, эдийн засгийн бусад нөхцөл байдлууд нөлөөлөхгүй байх давуу талтай боловч хэрэв тухайн хүн хангалттай хуримтлал үүсгэж чадахгүй бол хуримтлуулсан шимтгэлээс хамааран бага тэтгэвэр тогтоолгох эрсдэлтэй. Түүнчлэн хуримтлалын сан нь эдийн засагт тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон ашиглагдсанаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боловч нөгөө талдаа эдийн засгийн хямрал, санхүүгийн зах зээлийн эрсдэлээс өндөр хамааралтай учраас эрсдэлтэйд тооцогдоно. Судалгаанд авагдсан орнуудын туршлагыг тоймлон авч үзвэл: Тэтгэврийн тогтолцооны хувьд судалгаанд авагдсан 5 орон бүгд хуримтлалын тогтолцоог хэрэгжүүлж байгаа бөгөөд зарим нь бүрэн хуримтлалын тогтолцоотой, зарим нь хуваарилалтын болон хуримтлалын хосолсон тогтолцоотой байна. Тухайлбал, Сингапур Улс тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоотой. Чили Улс 1981 онд тэтгэврийн шинэчлэл хийснээр хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжсэн боловч одоогоор хүн амын нэг хэсэг нь хуучин тогтолцоондоо хамрагдаж хуваарилалтын зарчмаар тэтгэвэр авч байна. Цаашдаа хуучин тогтолцоогоо дуусгаж хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжих төлөвлөгөөтэй байна. Нидерланд, Казахстан, Норвеги зэрэг улсууд хуваарилалт болон хуримтлалын тогтолцоог хослуулан хэрэглэдэг. Казахстан Улсын хувьд 1998 онд тэтгэврийн шинэчлэл хийж тэтгэврийн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлсэн. Одоогоор шинэ, хуучин 2 системийг хослуулан хэрэглэж байгаа бөгөөд цаашдаа шинэ системдээ бүрэн шилжих төлөвлөгөөтэй байна. (1998 оноос өмнө ажил эрхэлж эхэлсэн иргэд тэтгэврийн хуучин системд, 1998 оноос ажил эрхэлж эхэлсэн иргэд шинэ систем хамрагдана)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw