59 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Аливаа улс оронд “нийгмийн ашиг сонирхол болон өөрсдийн /хувийн/ үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж” нам байгуулах үйл ажиллагаа нь тухайн нийгмийн улс төрийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр байдаг. Тийм ч учраас 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийн 4.1-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон. Энэ нь аливаа намын гол зорилго нь засгийн эрхийг барихын төлөө үйл ажиллагаа байдаг. Ялангуяа улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалсан, нийгмийн амьдралын төлөө юу хийж чадах тэр бүхнийгээ төлөвлөн дэвшүүлэн тавьдаг. Тухайн намын энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ард түмнийгээ төлөөлөн парламентын гишүүн ажиллах шаардлагатай болдог. Энэ агуулгаар аваад үзэхэд сонгогч нэр дэвшигчийг дэмжиж санал өгч байгаа ч тэр нэр дэвшигчийн харьяалах намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа хэрэг гэж үздэг. Тухайн нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байдаг бөгөөд хувь хүн хувийн үзэл бодол, санаагаараа тэдгээрийг дэмжиж, түүнтэй санал нэгдсэний үндсэн дээр гишүүн нь болж үйл ажиллагаанд нь оролцдог. Энэ байдал ч парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд илэрхийлэгдэж байдаг. УИХ дахь намын бүлэг бүрээр хэлэлцэж байгаа асуудал нь сайн шүүгдэж, нэгдмэл санаанд хүрсэн бол чуулганы хуралдаан дээр үр ашиггүй маргаан, санал зөрөлдөх явдал бага гарна гэж үздэг. Энэ жишиг парламентат улс орнуудад нийтлэгээр дагаж мөрддөгдөж байна. Улс төрийн намын бүлэг нь парламентын ганц гишүүнээс илүүгээр Засгийн газар, нийгэм хоёрыг холбох гол үүргээ гүйцэтгэж чаддаг болох нь амьдралаар нотлогдсон гэж үздэг. Нөгөө талаар намын сахилга бат бол парламент дахь улс төрийн намын бүлгийн чадвар, түүний гишүүдийнх нь удирдлагынхаа бодлогыг хэр дэмжиж байгаад оршдог.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5