606 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрдэмтдийн үзэж байгаагаар шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний бүрэн эрхт байдлын илрэх нэг хэлбэр бөгөөд ардчилсан эрх зүйт төрийн нэг үндсэн шинж хэмээн тооцно. Үүнээс гадна энэ бол шүүхийн шийдвэрийн үнэн зөв, шударга байдалд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн байгууллага нь мэргэжлийн бус хүмүүстэй хамтран шийдвэрлэх нөхцлийг хангана. 3. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг процессын хуулиар зохицуулсан бөгөөд ийнхүү тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэх бүтэц болох “шүүх бүрэлдэхүүн” гэсэн ойлголтыг шүүх эрх мэдлийн институцийн хувьд тодорхойлсон “шүүхийн бүрэлдэхүүн” гэсэн ойлголтоос ялгаж авч үзэх нь зүйтэй. Шүүх бол нийгэмд буй болсон тодорхой хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуулийг мэргэжлийн үүднээс тайлбарлан хэрэглэж эрх зүйн шийдэл /шийдвэр/ гаргадаг бие даасан институци мөн. Ийнхүү шүүх буюу шүүхийн бүрэлдэхүүн аливаа хэрэг маргааныг хянаж, шударга шийдвэр гаргах зорилгын үүднээс иргэдийн төлөөлөгчийг дүгнэлт гаргах эрхтэйгээр шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгаа нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа асуудал биш юм. 4. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь шүүгч албан тушаалын хувьд хараат бус байх, нөгөө талаар гаднын бусад нөлөөнд орохгүй байх баталгаа бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчим билээ. Харин хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдэх ба иргэдийн төлөөлөгчийг оролцуулах асуудал дээр дурдсан суурь зарчмаас үүсгэлтэй шүүх эрх мэдлийн талаарх үзэл баримтлалыг тодруулан илэрхийлсэн зарчмуудын нэг юм. Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж тус тус заасны “шүүх бүрэлдэхүүнд” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5