Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

602 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мэдээж энэ хууль нь Үндсэн хуультай тэр дундаа өргөдөл гаргагчийн дурдсан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөх ёсгүй. Дараах шалтгааны улмаас Шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харьцуулсан эрх зүй судлал бусад улс оронд нийтлэгээр шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны “jury” буюу тангарагтны шүүгчид, “lay judge” буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байгаа гэж үздэг. Тангарагтны шүүх нь тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүй хэргийг үйл баримт буюу гэм буруугийн хувьд шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгч нь мэргэжлийн шүүгч нартай хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдог ялгаатай. Иргэдийн төлөөлөгчийн оролцоо мөн мэргэжлийн боловсролгүй энгийн иргэд ч тухайн нийгэмдээ зөв буруу, шударга, шударга бусыг таньж ойлгох чадавхтай болохыг илэрхийлдэг. Ийнхүү иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байна. 1990-ээд оноос өмнө манай улсад бүх шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ нэг шүүгч, хоёр ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байв. Өөрөөр хэлбэл, ардын төлөөлөгч нь мэргэжлийн шүүгчийн адил “таслах эрх” эдэлж байсан болно. Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагааны зарчмууд нь Монгол Улсын иргэний үндсэн эрх болох шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангах үндсэн зорилготой учир бид Үндсэн хуулийн дээрх хоёр зарчмыг энэ эрхийг илүү хангах талаас нь тайлбарлах нь зохистой. Хууль ёсны (хуулиар байгуулагдсан, гагцхүү хуульд захирагддаг), шударга шүүхээр (иргэнд ойлгомжтой, төвийг сахисан, ил тод үйл ажиллагаатай) шүүлгэх иргэний үндсэн эрхийг хангахын тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус зарчим яригддаг. Үндсэн хуулийн онолоор шүүх, шүүгч нь өөрөө анхдагч эх үүсвэр биш бөгөөд хүний жам ёсны эрхтэй өрсөлдөх зүйл биш. Тиймээс шүүгчийг жам ёсны мэт үнэлж, шүүгчийн хараат бус байдлыг иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхтэй сөргөлдүүлэх болон давуулж үнэлэх боломжгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5