Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

500 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Маргаан бүхий заалт нь хэн нэгэн хүнд давуу байдал, зарим хүнд “дутуу” байдлыг үүсгэсэн хэм хэмжээ болжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ... –ийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд... чөлөөтэй, ... сонгох эрхийн үндсэн дээр... сонгоно.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ. Тав. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Эрдэнэжамьян, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Баасанхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Ардчилсан улс орнуудад иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд мажоритар, пропорциональ, холимог гэсэн 3 хэлбэрээр явуулдаг бөгөөд зарим улс орнуудын нэгэн адил холимог системийг хэрэглэх оролдлого хийж байгаа нь сайн талтай боловч процедурын алдаатай байгаа нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих үндэслэлийг бий болгож байна. Ямар ч сонгуулийн системийг сонгосноос үл хамаарч Үндсэн хуулийн суурь зарчим, хүний үндсэн эрх зөрчигдөх учиргүй. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9, 27.1, 27.5.4, 49.1.5-р заалт нь ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлын зарчим болон Монголын ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцож улс төрийн эрхээ эдлэх, сонгох, сонгогдох зарчим ба сонгуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шууд сонгох эрхийг зөрчиж байна. 49.1.5-д энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт гаргах гэдэг нь 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт гаргаснаар намын нэрийн сонголтоор дахин сонгогдох боломжийг хуульчилсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5