Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

428 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар захирамжаар томилогдсон Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан билээ. Дээр дурдсан хуулийн "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн заалтыг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийг анх Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Цааз нэртэйгээр ард нийтээр хэлэлцүүлэхээр болсон бөгөөд уг төслийн Гучин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр (гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, түүний бие, гэр орон, албан тасалгаа, эд хөрөнгө, унаанд халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал гарвал түүнийг гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар шүүн хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал уг гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж Улсын Дээд шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5