Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

427 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд хэрэв гишүүний эрхийг түдгэлзүүлэлгүйгээр дээрх ажиллагааг явуулсан тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болно. Нэгэнт хэрэг үйлдсэн болохыг нотлох хангалттай нотлох баримтад үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг үндэслэн хэрэг үйлдэж байх үед нь, эсвэл хэргийн газарт нь баривчлаагүй л бол гэмт хэрэг үйлдсэн байсан ч түүнийг тогтоох боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж, гэмт хэрэгтнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж тус тус заажээ. Гэвч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд энгийн иргэд гэмт хэрэг үйлдсэн бол заавал хэргийн газар нотлох баримттайгаа, гэмт үйлдлийнхээ явцад баривчлагдсан байх шаардлагагүйгээр нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, буруутай эсэхийг нь тогтоодог. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байхад дээрх хуулийн заалтаар халхавч хийж буруутай эсэхийг нь тогтоож, хариуцлага хүлээлгэхээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй болж байгаа юм. Иймд Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж жирийн иргэн, Улсын Их Хурлын гишүүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж байгаа нь дээрх хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн болохыг илтгэж байна. Мөн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хүчингүйд тооцсон. Энэ хэсэгт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан” гэх заалт хамрагдаж байсан. Гэвч энэ заалтыг хүчингүйд тооцсоноор эрх түдгэлзүүлэх үндэслэл бүхий ганц заалт (6.9.1) үлдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлийг хэт явцууруулж, тухайн заалт өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн утга агуулгыг илэрхийлж байгаа болно. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5