405 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэгэнт хуульд заасан арга хэлбэрээр үгүй болсон намын нэрийг өөр нам хэрэглэхийг тодорхой хугацаагаар хязгаарласан зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсон тохиолдолд дээрх зохицуулалттай адил утга агуулгатай бусад зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудал тавигдах нь гарцаагүй юм. б/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хэм хэмжээнд хамаарах субъект нь шинээр байгуулагдсан болон өөр бусад нам байна. Харин 15 дугаар зүйлийн 15.6-д заасан хэм хэмжээгээр зохицуулагдах харилцааны субъект бол өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намын гишүүн, аливаа бусад иргэд болон хуулийн этгээд юм. Хэдийгээр хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зөвхөн намыг тухайн зохицуулалтад хамааруулсан боловч нам гэдэг нь хуулийн этгээд мөн болохыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Улс төрийн намын тухай хууль нь хуулийн этгээд дотроос зөвхөн улс төрийн намтай холбоотой харилцааг зохицуулдаг учир субъектийн хувьд тусгайлсан зохицуулалттай байсан зүйл, заалт хүчингүй болсноор нийтлэг агуулгаар бүх хуулийн этгээдэд хамаарах ерөнхий зохицуулалт үйлчлэх үндэслэлтэй болж, шинээр байгуулагдсан болон өөр бусад нам өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намын нэрийг 24 жил байтугай хэзээ ч хэрэглэж болохгүй гэсэн агуулгаар хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан намын нэртэй холбоотой хэсгийг ойлгох эрх зүйн үндэслэл гарч байна. Түүнчлэн хуулийн дээрх хориглосон заалт зөвхөн хуулийн этгээдэд бус харин тухайн намын гишүүд болон аливаа бусад иргэдэд хамааралтай болсноор хэм хэмжээний үйлчлэлийн хүрээ илүү өргөн болжээ. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар тогтоолын үндэслэлийг хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д хамааруулан ойлгох нь буруу биш гэж үзэж байна. в/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3.-т хориглосон хэм хэмжээний хугацааг 24 жилээр тодорхойлсныг Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар тогтоолдоо буруу гэж үзэж байсан бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д хязгаарлалтын хугацааг огт заагаагүй байгаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5