255 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Дээрх өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Рэнчин урьдчилан шалгаж 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан бөгөөд уг тогтоолын үндэслэлд: 1.“Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх эрхийг 60 насаар хязгаарласан нь хүүхэд асарч, хүмүүжүүлэх үлэмж хүндрэлтэй, хариуцлагатай ажлыг 60 наснаас дээш настай хүмүүс гүйцэтгэхэд бэрхшээлтэй гэж үзсэнтэй холбоотой болов уу. 2.Хүүхэд асрах чадвар мөхөсдсөн настай хүнд хүүхэд үрчлүүлэх нь хүүхдийн эрх ашгийг хохироож болзошгүй гэж хууль тогтоогчид болгоомжилсон байх. 3.1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 44 дүгээр чуулганаар батлагдаж, манай улс 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 4 дүгээр зарчимд “Хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангах ёстой”, мөн Конвенцийн 3 дугаар заалтад “Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргахдаа эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байна. Үүнээс үзвэл хууль тогтоогчид хүүхэд үрчлэх асуудлыг шийдэхдээ үрчлэн авч байгаа хүний эрх ашгаас өмнө хүүхдийн эрх ашгийг илүүд үзэж анхаарсныг буруутгах үндэслэл алга байна. Ер нь ч тэгээд аль ч эрх зүйд “нас” гэдэг яаж ч болдоггүй бодит үзүүлэлтийг үндэслэн ямар нэг асуудлыг насны байдалтай холбож ялгамжтай тогтоох явдал олонтаа байдаг бөгөөд энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн жишиг билээ. Ингэж үзвэл иргэн Д.Тогтохжаргалын өргөдөлд дурдсан зүйл нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил биш байх тул Үндсэн хуулийн цэцэд харьяалан шийдвэрлэх маргаан биш байна” гэжээ. Гурав. Иргэн Д.Тогтохжаргал Цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдолд: “... Цэцийн гишүүн миний өргөдлийн утга санааг өнгөц байдлаар дүгнэн “60-аас дээш настан хүүхэд асрахад бэрхшээлтэй гэж үзсэнтэй холбоотой болов уу” гэх буюу ”хууль тогтоогчид болгоомжилсон байх” гэх мэт шалтгаан заан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсаныг үндэслэлгүй хэмээн үзэж гомдол гаргаж уг өргөдлийг дахин сэргээж авч үзэхийг хүсэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5