Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

110 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Манлайбаатар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэнд-Аюуш нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар бүлэг /хуулийн 414 дүгээр зүйлээс 419 дүгээр зүйл хүртэл/-т Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн шинэлэг зохицуулалт нэмэлтээр оруулсан. Ингэхдээ эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтыг зөрчиж байна. Тодруулбал: …Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т “Шүүгч хэргийг хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэн тогтоол гаргах ба шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заажээ. 2007 оны 8 дугаар сарын 09-нд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Улсын Дээд Шүүхээс уг хуулийг хэрэглэх журмын тухай 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №35 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 17-д “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасан “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй гэдгийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх болон цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргахгүй гэж ойлгоно” гэж тайлбарлажээ. … Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжинд гомдол, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан байдаг. Эдгээр нь таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, хэргийн харъяалал тогтоох, шүүхээс шүүх хуралдааны дэгийг зөрчсөнд хариуцлага хүлээлгэх, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлаар гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид гомдол эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлууд байдаг. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн явдал биш бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг хангахад чиглэгддэг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5