Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

107 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв: Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн Улсын Их Хурлын 27 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй...”, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Тав: Цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын даргын 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 134 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд өмнө нь ирүүлсэн тайлбараа дэмжиж байна гэсэн агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.” гэсэн заалт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн боловсролгүй, мэргэжлийн хуульч бус дурын этгээд оролцох боломжийг бий болгосноор иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах Үндсэн хуулиар бэхжүүлсэн баталгааг дордуулсан байна. Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Тавин тавдугаар зүйлийн 2 дахь заалтын үзэл санаатай зөрчилдөж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5