84 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хөгжлийн бэрхшээлтэй хүн шууд биш ч нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломж дутмаг учраас хууль тогтоомжоор тэдний эрх ашгийг хамгаалж, эрхийг эдлүүлэх нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж тодорхойлсон. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн чадамжаа тодорхой хэмжээнд алдсан буюу хязгаарлагдмал чадамжтай байдгаас нь шалтгаалан, мөн тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэхүйн онцлог, эрх ашгийг аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор хууль бус жагсаал, цуглааныг санаачлагчид хариуцлага тооцохоор тусгасан заалт болно. Өөрөөр хэлбэл: -хөгжлийн бэрхшээлтэй хүний нас, оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг төрийн болон хэсэг бүлгийн тэмцэлд ашиглуулахгүй байх; -хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглааныг цагдаа, дотоодын цэргийн хүчээр албадан тараахад хөгжлийн бэрхшээлтэй хүний амь бие, эрүүл мэндийг хохироохгүй байх; -жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай тул тэдгээрээс гарч болох сөрөг үр дагавраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгаалах; -жагсаал, цуглааны эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг болгон ашиглуулахгүй байхад чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм. Үндсэн хуульд заасанчлан хүн бүр тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тодорхой хязгаарлагдмал оролцдогийг нь далимдуулан тэдгээрийг хууль бус жагсаал цуглаанд татан оролцуулсан этгээдэд хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь иргэний эрхийг хаасан бус харин ч хамгаалж, эрхийг нь эдлүүлэх боломжийг бий болгосон. Иймд хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр дээрх асуудлыг зохицуулж иргэний эрхийг хамгаалж өгсөн. Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5