453 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан 2 төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болсон” тухай дурджээ. Давхар татварын тухай асуудал нь нэг этгээдэд нэг татварыг дахин ногдуулахгүй тухай ойлголт бөгөөд бодит байдал дээр олон улс хооронд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, хувь хүнд тулгардаг асуудал юм. Тухайлбал, аль нэг улсад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогодоо татвар төлсөн этгээд өөрийн харьяалал бүхий улс оронд дахин тус татварыг төлөх асуудал үүсдэг. Иймээс тухайн этгээдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, өөрийн улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг олон шалтгааны улмаас тодорхой улс орнууд хоорондоо давхар татварын асуудлыг зохицуулах тухай олон улсын гэрээ байгуулдаг. Харин орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг нь давхар татварын асуудал биш бөгөөд татварын бүтцэд багтдаг төрөл бүрийн төлбөрүүдийн нэг хэсэг юм. Татварыг дотор нь ингэж төрөлжүүлэн салгахын гол ач холбогдол нь төрөөс эдийн засгийн аливаа харилцааг зохицуулах, хянах зорилгоо татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх явдал юм. Жишээлбэл, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг. Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татварын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5