451 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагаврыг бий болгох бодит нөхцөлийг үүсгээд байна. Мөн маргаж буй зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байх тул хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх үүднээс Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн төөрөгдөлд орох, давхар татвар төлөх эрсдэлээс сэргийлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж зааснаас үзвэл төр нь нийгмийн хөгжлийг хангах, аж ахуй нэгж байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нь эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг дэмжиж өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд орсон маргаж буй нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дээрх заалтыг бүхэлд зөрчиж иргэд, аж ахуй нэгжийг давхар татварын дарамтад оруулж, нэг бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар ногдуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хөгжих боломжийг хааж эдийн засгийн алдагдалд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5