Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

354 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ үүднээс хууль тогтоогч хуулиар “захиргааны акт” гэх нийтийн эрх зүйн үндсэн ойлголтыг тодорхойлохдоо тухайн салбар эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, чиг хандлага, өөрийн орны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэх шаардлагатай юм. Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн аливаа захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны актад хамааруулах бөгөөд энэхүү шинж нь захиргааны актыг сонгодог утгаар нь илэрхийлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дээрх шинжийг бүрэн агуулсан шийдвэрийг гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тухайн шийдвэр нь захиргааны актад хамаарах учиртай. Гэтэл хууль тогтоогч дээр дурдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг болон 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна. Энэ талаарх Улсын дээд шүүхийн хүсэлт үндэслэлтэй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу тус хуулийн “Шүүх нотлох зарчим” гэсэн 7 дугаар зүйлд “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэсэн 7.3 дахь хэсэг; мөн зүйлийн 5 дахь заалтын дагуу 112 дугаар зүйлд “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн 112.9 дэх хэсгийг тус тус нэмжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5