Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

352 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловч захиргаанаас эрх ашгийг нь хохироосон иргэнээс ялгаатай авч үзэх нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хөндөхгүй гэж үзэж байна. Энэ нь харин ч шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эрх зүйн байдлын хувьд ялгаатай нөхцөлд ялгаатай хуулийн зохицуулалт хэрэглэхээр шийдвэрлэсэн нь “хуулийн өмнө эрх тэгш байх” нөхцөлийг хангасан төдийгүй, хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Харин эсрэгээрээ, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн болон гомдол гаргагчийн хувиар оролцож байгаа этгээдүүдэд ижил хуулийн зохицуулалт үйлчилснээр “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчим хангагдана гэж үзвэл, “эрх нь зөрчигдсөн иргэн” болон “хууль зөрчиж, зөрчил гаргасан иргэн” гэсэн хоёр тохиолдолтой холбоотой захиргааны маргааныг ижил процессын дагуу шалган шийдвэрлэх нь “шударга ёсны” зарчимд нийцэхгүй юм. 2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэсний дагуу нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх өөрөө гүйцэтгэдэг. Хуулиар захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээсэн хэдий ч хууль тогтоогч “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчмыг хангах үүднээс гомдлоор үүсэх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа буюу нотлох баримтыг цуглуулах, оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх, тодорхой шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар шүүхээс өмнөх шатанд хэрэгжүүлэх юм. Зөрчил шалгах ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн, түүний дотор зөрчлийг шалгаж шийдвэрлэх, холбогдогчид шийтгэл оногдуулах ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Нэгэнт зөрчлийн хэрэг үүсгэн, прокурорын хяналт дор хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлсэн тул түүнд үндэслэн шүүх талуудын эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5