297 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг албадан биелүүлэх буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь төлбөр авагч, нэхэмжлэгч этгээдийн хүсэлтийн дагуу шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч, нэхэмжлэгч этгээдийн хүсэлтийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулдаг болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилсан байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна уг хугацааг хэтрүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж болох тодорхой тохиолдлуудыг мөн тусгажээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-18.7 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.2-124.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болон уг хугацаанд төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан зэрэг хэд хэдэн тохиолдолд тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна. Иймд иргэний болон захиргааны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах иргэний эрх, хугацаа, тухайн хугацааг сэргээлгэх үндэслэл зэргийг тус хуулийн холбогдох зохицуулалтаар тогтоосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааны талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох буюу тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолох, тоолохгүй байх үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5