Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан нь санал хураалтын дүнг аливаа этгээд будлиантуулах, засварлах, хүчингүй болгох хууль бус үйлдлийг хориглоход чиглэгдсэн зохицуулалт бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг.” ойлгоно гэж, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 111.5-д зааснаас бусад эрх зүйн маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол тогтоогдсон хэмжээгээр тойрогт сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүйд тооцогдоно.” гэж тус тус зааснаас үзвэл сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, тэрхүү зөрчлөөс үүдэн санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох хууль зүйн фактыг аливаа этгээд тэр дундаа сонгуулийн байгууллага дур зоргоороо шийдвэрлэж тогтоох бус гагцхүү шүүх тогтоохоор хуульчилсан болох нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудаас харагдаж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасантай бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5