Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт “Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.” хэмээн зааж санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулсан байна. Сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах; сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн 112-115 дугаар зүйлд өргөдөл, мэдээлэл, нэхэмжлэлийг хэрхэн гаргах, тэдгээрийг шийдвэрлэх талаарх зохицуулалтыг тодорхой хуульчилжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5