264 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энэхүү сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан ээлжит сонгууль юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт товлон зарласан сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн мөн зүйлийн 8.1.3 дахь заалтад заасан нөхөн сонгууль билээ. Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан “сонгуулийн жил” гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль батлагдсанаар хүчингүйд тооцогдсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь одоогийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасантай хугацааны хувьд ижил шаардлага тавьж байсан бөгөөд уг заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцээс өмнө нь хянан шийдвэрлэж 2015 оны 12 дугаар дүгнэлт болон мөн оны 10 дугаар тогтоолыг баталсан байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт “...Төрийн жинхэнэ буюу мэргэшсэн алба хаагчдыг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.” гэж дурдсанаас үзэхэд сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөх хугацааны шаардлагыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5