Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Төрд итгэхгүй байна. Төрд итгэх ард түмний итгэл бага байна гэж зарим шийдвэр гаргагчид гомдоллодог. Төрд гэдэг нь дам утгаар “өөрт нь” итгэхгүй байна гэж хэлж байгаа юм. Энэ үнэн. Гашуун ч үнэнийг хүлээн зөвшөөрье. Ерөнхийлөгчид итгэх хүмүүсийн итгэл муу байгаа. Их Хуралд итгэх итгэл тааруу байгаа. Засгийн газарт итгэх итгэл тийм өндөр биш байгаа. Та бидний ажил нэг иймэрхүү л байгаа. Би та бүхэнд, өөртөө ч нэг зүйл сануулах гэж байна. Бүгдээрээ үүнийг өглөө бүр санаж явъя. “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март. Сонгуулийн үеийн амлалтаа, сонгуульд ялаад хэлж ярьж байсан үгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа өдөр бүрийн тоогоор санаж яв. Сонгуулийн үеэр, эрхэм гишүүдээ, хаана Монгол хүн зовно, би тэнд байна гэж та бид яриагүй гэж үү? Монголд хаана хариуцлага шударга ёс дутна би тэнд байна, би түүнийг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ, ажиллана гэж Та бид амлаагүй бил үү? Гэтэл албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна. Хүмүүс бүгдийг харж байгаа. Хүмүүс нэг юманд үнэн голоосоо дургуй байдаг. Итгэсэн сонгосон хүнийх нь үг үйлдэл хоёр зөрөхөд тэд үнэхээр бухимддаг. Их Хурал хариуцлага, шийдэл шаардсан асуудлыг нэг өдрөөр хойшлуулахад Монголын хөгжил нэг алхамаар саардаг. Иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгддэг. Гэр бүлээ тэжээх гэсэн хүнийг зовлон нь нойрон дунд нь сэрээж байна. Шөнөөр босгож байна. Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан айлынхан ажил таслах нь байтугай, ажил нэмж олж хийх гэж гүйлдэж байна. Хүмүүс амьдралдаа урьд өмнө байгаагүйгээр хариуцлагатай хандаж байна. Гэтэл төр яаж байна. Тэдний “эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордогийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. Их Хурлын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөлт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонхид” гэж үгтэй. Энэ байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Их Хуралд хамгийн тулгамдаж байгаа асуудал гэхээр ихэнх нь “ирц” гэж хариулж байна. Гэтэл ард иргэдэд бол ажил амьдралын асуудал чухал байна. Улс оронд бол, би хэлсэн, хариуцлагын асуудал. Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм бишээ. Монголын ард түмэн баялаггүйдээ ядарч байгаа юм бишээ. Манай 90

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw