Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол Улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм. Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно. Учир нь тэр байгаа. Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан, байхгүй болсон. Энэ тухай ярих хэрэгтэй, хариуцлага нэхэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бүтээлч, хариуцлагатай чанарыг дэмждэг нийгмийн зөв хандлага бүрдэнэ. Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж, Та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхны мэт санагдаж байна. Энэ бол цагийг бид ачаалж чадаагүй, хурдан өнгөрөөсний илрэл. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав. Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдаваа. Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ. Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар, хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр, бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга, том сургамж. Бид алдаагаа давтахгүй байх ёстой. Бид давтахгүй биш, хууль тогтоомжоор, үйл ажлаараа засах ёстой. Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой. Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8 их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа. Хохиролыг хэн яаж тооцох дээр их, бага гэж маргаж магадгүй. Манай улсын эдийн засгийн албан ёсны мэдээнд тулгуурлаад харахад ийм л харагдаж байна. Алдагдсан боломж, цаг хугацаа, үнэгүйдсэн хөрөнгө, хохирсон иргэд, зугатсан хөрөнгийг харахад дээрхи тоог би ханатай гэж бодож байгаа. Улсаа, Монголоо хохироож болохгүй. Ийм зүйлд хязгаар хэмжээ байх ёстой. Энэ бол бидний авах ёстой сургамж. Монголчууд бидэнд, Та бидний түүх гарцаагүй нэг үнэн сургамж үлдээсэн. Үүнийг бид бүгд мэднэ. Бид эвдрэлцсэн үедээ уруудаж доройтож байсан. Харин бид эвлэсэн үедээ сэргэж урагшилж байсан. Бид их гүрнээс буурай улс 86
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw