2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2013.10.01-2014.01.30) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.10.01) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Хатагтай ноёд оо, Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллан Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хууль тогтоолыг сурталчилж, хэрэгжилтийн байдалтай танилцан, цаашид хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ард иргэдийн санал бодлыг сонсож, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын явцтай биечлэн танилцсан байна. Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны зарим хорооллын барилгажуулалтын ажлын явцтай танилцахад барилгын компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчдэд төрөөс үзүүлсэн дэмжлэг тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, Нарийн сухайтын нүүрсний уурхай болон Шивээ хүрэнгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний уул уурхайн компаниуд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж цахилгаан станц, авто зам, нүүрс угаах үйлдвэр, сургуулийн барилгыг ашиглалтад оруулснаар хөдөө орон нутагт уурхай дагасан хөгжил бий болж байна. Гэхдээ нүүрс тээвэрлэлтийн хүндрэл, давхацсан татвар хураамжууд нь нүүрсний үнэ унасан өнөөгийн нөхцөлд Монголын нүүрсийг өрсөлдөх чадваргүй болгосноор экспортоо хязгаарлаж байгаа тухай ярьж байна. Улсын Их Хурал эрдэс баялгийн бодлогоо боловсруулахдаа энэ бүхнийг тооцож шийдвэрээ гаргах нь зүйтэй. Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Белорусс Улсын Ерөнхий сайд М.В Мясникович, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Кан Чан Хии болон Япон, Франц, Тайланд Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын явцад Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, техник технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцлоо. 52
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw