2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Энэ асуудлаар шийтгүүлэгчдийн тоо эрс цөөрнө. Ингэж Монголын шүүх иргэдийнхээ нурууг тэнийлгэхэд бодит хувь нэмэр оруулна. Шүүгч, прокурор, өмгөөлөгчид тавигдах шаардлага, шалгуур өндөрсөнө. Энэ салбар шинэ, чадварлаг боловсон хүчнээр байнга сэлбэгдэнэ. Шүүн таслах үйл ажиллагаанд оролцогчдын ажил байдлыг 3-5 жил тутамд Мэргэжлийн Хороо, Хуульчдын Холбоо үнэлж, дүгнэлт гаргана. Шүүгч бүр нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болно. “Шүүхэд нөлөөлөөд өг” гэдэг, эсвэл нөлөөлөх гэдэг сонин, эрүүл биш шаардлага, тийм оролдлого хууль бус болно. Шүүхэд нөлөөлөх гэсэн этгээдүүд хуулийн цээрлэл, хариуцлага хүлээдэг болно. Шүүхийн шийдвэртэй холбоотой тусгай санал ил болно. Шүүгч, яллагч хохирогчид шаардлагатай гэж үзвэл гомдол гаргадаг, түүнийг хянан шийдвэрлэдэг механизм тодорхой болно. Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагаа хоёр хуулиар тусгаарлагдана. Ерөнхий шүүгч, шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга гэсэн 2 албан тушаалыг 1 хүн давхардуулан хаших явдлыг зогсооно. Шүүх эрх мэдэл санхүү эдийн засаг, улс төрийн нөлөөллөөс хараат бус болж, гагцхүү хуульд захирагдан мэргэших үйл явц бодитой эхэлнэ. Шүүхийн төсвийг Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ. Би энд шүүх, хуулийн байгууллагын шинэтгэлтэй холбоотой 10 хоногийн дараа хэрэгжих, эхний шатны цөөн хуулиас зарим нэг зүйлийг мэдээлэл болгож хэллээ. Мөн хаврын энэ чуулган, бас ирэх чуулгануудаар дамжин хэлэлцэх хууль шүүхийн салбарын болон хуучнаар эрүү, иргэн, захиргааны хэргийн, мөн түүнийг мөрдөн шалгах, илрүүлэх, хянан шийдвэрлэх, дээр нь хууль сахиулах, шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаа, маршалын алба, ял эдлүүлэх асуудал, иргэн хохирогчийн эрх хамгаалал гээд олон суурь хуулийн төслүүд бэлтгэгдэж, ид хэлэлцэгдэж байгаа тул нэмж ярилгүй орхиё. Монгол Улс ийнхүү хуулийн засаглалтай орон болох замаа тууштай, бодлоготой эхлүүлж байна. Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байгаа учраас энэ ариун үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Эрхэм гишүүд ээ, Би зарим амжилт ололтын тухай, түүнийг хэрхэн бататгах талаар ярилаа. Одоо бид юун дээр алдаж байна вэ гэдгээ яръя. Мөн алдаагаа яаж засах талаар ч товчхон саналаа хэлье. Нэг. Хүнээ мартаад байна. Энд л бидний гол алдаа байна. Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих юм вэ? Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа айл олон байна. Намар болоход аяга самраас 10 төгрөг унагах гэж суудаг хүмүүсээ яах вэ. Эмнэлгийн хонгил дүүрэн зулаад хэвтчихсэн өвчтэй, ханиадтай хүүхдүүдээ яах вэ. Нэг ангид 70, 80-аараа сууж хичээллэх сурагчдаа яах вэ? Цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлогдон айж бүлтэгнэх нялхсаа яах вэ. Төрөх газар ор олдохгүй өнөө маргаашгүй нярайлах гэж яваа тулгар биетэй сандарсан ээжийн зовлонг хэн нимгэлэх вэ? 34
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw