Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Чуулганы нээлт дээр Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2013.04.05) Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ, Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байгаа энэ өдрийн мэндийг Та бүхэнд хүргэе. Жилийн өмнөх энэ цаг мөч Улсын Их Хурлын сонгуулийн эхлэлтэй давхцаж байсан. Тэр үед та бүхэн юунд санаа зовж, юу ярьж, амлаж явснаа сайн санаж байгаа байх. Саяхан би нийслэлийн зарим хороо, хөдөө орон нутагт сум, багийн хуралд оролцож иргэдийн санал бодлыг сонслоо. Хүмүүс улс оронд маань юу болж бүтэж байгаа тухай, юу хийх шаардлагатай талаар ний нуугүй ярьж байна. Би та бүхэнд мөн энэ тухай хэлье гэж бодсон юм. Болж бүтэж байгаа зүйлээс эхэлье. Нэг. Хүмүүс өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд болж байна. Хүмүүсийн ухамсар, оюун санаа, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдсөөр байна. Хүмүүсийн эрхэндээ, эд баялагтаа эзэн байх эрмэлзлэл нэмэгдэж байна. Сүүлийн 20 гаруй жил манай оронд олон үйл явц гүйлгэсэн зураг мэт хурдтай өрнөлөө. Нийгэмд явагдаж буй өөрчлөлт бүр хүмүүсийн амьдралд ул мөрөө үлдээсээр байна. Хүн бүр л алдсанаасаа сургамж авч, оносноосоо урам авч урагшилж байна. Монголчууд хөгшин залуугүй улам хэрсүү болж байна. Асуудалд бусдын зааснаар бус өөрийн үнэлэмжээрээ ханддаг болж байна. Өөрийн гэсэн үнэлэмжтэй бүхэл бүтэн үе Монголын нийгэмд түрэн орж ирлээ. 1990 онд 10 настай байсан хүүхэд энэ жил 33-ны босго алхаж өрх гэрийнхээ ч, улс орныхоо ч хувьд ачааны хүндийг үүрэх чадалтай болжээ. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэнд их шуурганаар хөлд орж байсан хүүхдүүд өнгөрсөн жилүүдэд сургууль номоо дүүргэж ажил амьдралын гараагаа ид эхэлцгээж байна. 20 гарч 40 шүргэж яваа эдгээр залуус, эдгээр шинэ цагийн хүмүүс хувь заяандаа эзэн болж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хүний хойч үе өмнөхөөсөө илүү хэрсүү, илүү эрдэм чадалтай, илүү ихийг бүтээж чаддагийг хүн төрөлхтний түүх нотолсон. Хоёр. Хүмүүс шийдэлд, ажилд оролцохыг хүсэж байна. Учир нь иргэний оролцоотой шийдэл, хувь хүний бүтээсэн зүйл, түүний үр дүн хүнд наалдаж байна. Улс орны хувьд ч аливаа ажил амжилт хүндээ хүрч байж л ололт болж байна. Манай Улсад бий болж байгаа баялгийн гуравны хоёроос илүү хувийг төрийн мэдлийн бус салбар бүтээж байна. Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан мөнгөө хэрхэн үр бүтээлтэй зарцуулах тухай иргэд ид хэлэлцэж байна. Багийн хурлын хэлэлцүүлэг Улсын Их 30

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw