МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Төвлөрлийг сааруулах чиглэлээр төсвийн тухай хуульд хийсэн шинэчлэлт, өөрчлөлт хэрэгжиж орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн алхам боллоо. 2013 оны орон нутгийн төсвийн орлого 1 их наяд 813 тэрбум 600 сая төгрөг буюу нийт төсвийн 20.7 хувьд хүрч байна. Орон нутагт хийх улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд 498 тэрбум 400 сая төгрөг, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 152 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээ 247.6 тэрбум төгрөгөөр батлагдсан байна. Төсөв хөрөнгө оруулалтыг оновчтой зөв хуваарилж, үр дүнтэй зарцуулж чадвал орон нутаг эдийн засгийн хувьд чадавхижих бүрэн боломжийг Улсын Их Хурал бүрдүүлж өглөө. Төсвийн хэмжээ нэмэгдэж төсвөөс гадуурх төрийн хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт ихсэж байгаа нь төсөв хөрөнгө оруулалтад тавигдах төсвийн болон орон нутгийн хяналтыг илүү сайжруулах төсвийн төлөвлөлт хуваарилалт зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгах шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Улсын Их Хурал төрийн аудитын байгууллагыг удирдлага, бүтэц зохион байгуулалт, санхүүгийн хувьд бэхжүүлж түүнийг хараат бус хөндлөнгийн байр суурьнаас ажиллах нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгон гаалийн бүрдүүлэлтэд хүнд суртал чирэгдэл учруулдаг байсан баримт бичгийн тоог цөөллөө. Газрын тосны салбарт аж ахуйн нэгжүүдийн газрын тос хайх олборлох ашиглах зориулалтаар импортлох бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг байсан бодлогыг өөрчилж татварын тэгш, шударга зарчим бизнесийн ижил нөхцөлийг хангасан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийлээ. Бизнес эрхлэгчдийг татвараа өөрөө тодорхойлж төлөхөд туслах мэргэшсэн зөвлөх ажиллаж тэдгээрийг татварын эрсдэлээс хамгаалж байх эрх зүйн орчныг шинээр бий болгож татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хүрээнд 5 тэрбум хүртэлх Америк долларын Чингис бонд, малчид үйлдвэрлэгчдийг урамшуулахад 140.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газар зөвшөөрсөн. Улсын Их Хурал эдгээр бондын борлуулалт түүний үр ашиг санхүүжүүлэх төслүүдийн чанар, үр дүн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах болно. Чингис бондын эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэл судалгаа нь үндэслэлтэй хийгдсэн ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэх хэрэгтэй. 25
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw