2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжил, дэд бүтэц, шинэ технологи, үйлдвэр, бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг тодорхой, тогтвортой бодлогоор дэмжинэ. Бүтээлч үр ашигтай шинэчлэл өөрчлөлтийг түүчээлэн дэмжинэ. Талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг эрхэмлэнэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоороо дэмжинэ. Энэ бол амлалт биш. Энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байх ёсгүй. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах болно. Эрхэм нөхөд өө, Би улс орондоо хуулийн засаглал, шударга ёс, эв нэгдэл, тогтвортой, нээлттэй байдлыг хангахын тулд хичээнгүйлэн зүтгэх болно. Би шийдвэр гаргах танхимд цөөн, эсвэл түүний гадуур байгаа хэсгийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж ажиллана. Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна. Таны дуу хоолой, санал санаачлагыг төр түмний анхаарал шийдвэрт оруулахад дэмжлэг үзүүлнэ. Би Монгол Улсын иргэдээ баян ядуу, нам улс төр, угсаа гарвал газар орон үл ялгаварлан жигд төлөөлж ажилланаа. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэсэн нийт хүмүүст гүн талархал илэрхийлье. Монгол Улс урьдын адил бүс нутаг, олон улсын хэмжээнд нээлттэй, идэвхтэй, санаачлагатай ажиллах болно. Ялангуяа хөрш орнуудтайгаа дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх гээд тулгамдаж байгаа асуудлуудыг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарна. Монгол Улс дэлхийн олон улс орон, олон улсын байгуулагуудтай урьдын бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Мөн манай улсын хөгжил дэвшлийн эрх ашигт нийцсэн хариуцлагатай, нээлттэй, хууль дээдэлдэг хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Эрхэм Монголчуудаа, Анд нөхөд өө, Өнөөдөр Монгол газар шороон дээр 2 сая 900 мянга дахь иргэн мэндэлж байна. Маргааш өглөөг 2 сая 900 мянган Чингис сэрж угтах болно. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна. Монголчууд хүн нэмэгдэхэд баярлаж тосдог уламжлалтай. Хүний орчлонд дөнгөж мэндэлж байгаа Монголын охид, хөвгүүд, агаар нь тунгалаг, гэр нь амгалан, нийгэм нь цэвэр шударга, улс нь хөгжилтэй, хүн ард нь аз жаргалтай эрх чөлөөтэй оронд өсөж бойжих бүрэн эрхтэй. 136
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw