Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Та бидэнд Монголын ард түмэн их итгэл найдвар, урам зориг өглөө. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Монголын ард түмэнд нэг л эрх ашиг бий. Тэр эрх ашгийг гүйцэлдүүлэх зүтгэл ч нэгдмэл байх учиртай. Манай иргэд эрхээ эдэлж, сайн сайхан амьдрах ёстой. Монгол Улс олсон ололтоо бататгаж илүү хурдацтай хөгжих цаг үе ирсэн. Монголын нэр олон улсад улам сайнаар дуурсах боломжтой. Энэ бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлэх эрхэм үүрэг төрд ажиллаж байгаа түшээ нэг бүрт ноогдож байгаа юм. Төрийн түшээ хүн бол өөрийн жаргалыг умартаж бусдын зовлонг дааж зүтгэх учиртай. Би юунд хүрэх вэ гэхээс илүүтэй улс маань юунд хүрэх ёстойг хатамжилан бодож ажиллах ёстой. Би 23 жилийн өмнө энэ талбай дээр цэрэг шинелиэ тайлаад хувьсгалд оролцсон. Монгол Улсын иргэдийн эрх тэдний гэрт, гарт очиж байж л баталгаажна. Манай орны иргэн бүр эрхээ бодитой, баталгаатай эдэлж чадсан цагт л Монгол айл бүрийн амьдрал тэр иргэний эрхээр, гараар, санаачлагаар дамжиж өөдлөн дэвжих болно. Монголд өрнөж эхэлсэн их бүтээн байгуулалтын хувьсгал ч амжилтад хүрэх болно. Мөн Монгол Улс иргэнээ дээдэлсэн хуулийн засаглалтай орон болж чадна. Энэ нь Монгол Улсын бие даасан, аюулгүй, нээлттэй байдлыг баталгаажуулна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ их үйлсийг манлайлан зүтгэх болно. Эрхэм хүндэт иргэд ээ, Ирэх хоёр жил манай оронд улсын хэмжээний сонгуульгүй жил байх юм. Ирэх нэг жил бол ирээдүйн арван жилтэй тэнцэх ач холбогдолтой юм. Иймээс бид том зорилт тавьж шахуу ажиллахаар шийдсэн. Байгальд ээлтэй, хямд эрчим хүчээр улсаа хангах зорилтыг бид хэрэгжүүлнэ. Монгол Улс өөрийн гэсэн галтай, шатахуунтай болно. Ачаагаа дааж ядсан өвгөн төмөр замаа бид шинэчилнэ. Шинээр төмөр зам барина. Бүх аймаг засмал замаар нийслэлтэйгээ холбогдоно. Гэр хороололд дахин төлөвлөлт, их бүтээн байгуулалт өрнөнө. Нийслэлд хурдны зам, метро баригдаж, орон нутагт баг сумын төвүүд шинэчлэгдэж, Монголд шинэ хотууд босно. Шинэ үйлдвэр, аж ахуйн нэгжүүд олноор нэмэгдэнэ. Манай иргэдийн баялаг бүтээхэд оролцох хувь оролцоо ч нэмж баталгаажна. Бид иргэн бүрийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өргөн харж шийдвэрлэнэ. Монгол Улсын иргэнд төрөхөөс авахуулаад ахмад насанд хүрч жаргаж амьдрах тэр мөчлөг бүрт нь шаардлагатай дэмжлэгийг төрөөс үзүүлж чаддаг болно. Монголын төр хүүхдүүдээ, ээжүүдээ, залуус оюутан, залуу гэр бүлээ, ахмадуудаа болон дэмжлэг шаардлагатай иргэдээ дэмжих оновчтой, хаягласан бодлоготой болно. Төрийн алба, зэвсэгт хүчин, цэрэгжсэн болон хууль хяналтын байгууллагад ажилладаг иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарна. 135

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw