2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2013.07.10) Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол ахан дүүс ээ, Эрхэм төрийн түшээд ээ, Хүндэт зочид, хадагтай ноёд оо, Монголын цаг дор Та бид Монгол төрийн их хүндэтгэл ёслол, Монгол түмний их наадам цэнгэлдээ хуран цуглаад байна. Миний бие дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг хоёрдохоо өргөлөө. Монголын Мөнх хөх тэнгэрийн дор ард олныхоо халуун хүндэтгэл уухайлж хурайлах дуун дунд Эзэн Богд Чингис хааныхаа мэлмий, Их цагаан сүлдний өмнө, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол төрийн тэргүүний тангаргийг ийнхүү өргөсөнөө би их ёс төр, итгэл найдвар, их хариуцлага хэмээн хүлээн авч байна. Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Монголын хийморлог ард түмэндээ баярлалаа. Их өвөг дээдэс, Эзэн Богд Чингис хаандаа баярлалаа.Улсын Их хурлын гишүүд, төрийн түшээддээ баярлалаа. Надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд цаг заваа үл хайрлан, сэтгэл гарган ажилласан нийт ахмадууд, эмэгтэйчүүд, залуустаа их баярлалаа. Сонгуульд идэвхтэй ажилласан бүх байгууллага, нам, олон нийтийн хөдөлгөөн, иргэдэд гүн талархлаа илэрхийлье. Эх орноосоо алсад суугаа ч иргэнийхээ эрхийг эдэлж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Сонгох эрхээ анх удаа бүрэн дүүрэн ашиглаж сонгуульдаа идэвхтэй оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ онцгойлон баяр хүргэе. Шударгаар иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган сонгуулийн бүх шатны байгууллагад ажилласан төрийн түшээддээ гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Нацагийн Удвал нарт баяр хүргэж, цаашдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Сонгуулийн үеэр гарсан сайн санаа хөтөлбөр бүрийг ажил хэрэг болгохыг би чухалчлах болно. Намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг би дааж ажиллах болно. Мөн надад итгээгүй, бас эргэлзсэн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө би хичээн зүтгэнээ. Эрхэм төрийн түшээд ээ, 134
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw