МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үг (2012.08.09) Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм Улсын Их Хурлын дарга аа, Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, хатагтай, ноёд оо, Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, түүгээр дамжуулан учран золгож байгаа монгол ахан дүүс ээ, Өнөөдөр миний бие монгол түмний ардчилсан сонголтын үр дүнд байгуулагдаж байгаа шинэ Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна. Надад оногдсон энэхүү их үүрэг, ард түмний ардчилсан сонголтоор эхэлж, намын нөхдийн итгэлийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд та бүхний дэмжлэгээр баталгаажиж байна. Иймд итгэл хүлээлгэсэн монгол түмэн, журмын нөхөд, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ гүн талархал илэрхийлье. Аль ч цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албаны босго нь өндөр, шалгуур нь чанга байдаг. Тэрхүү өндөр босго, чанга шалгуурын чухам учир нь ард түмний сонголтод оршдог. Энэ удаа монголын ард түмэн та бидэнд хамтынхаа хүчээр улс орноо авч явах үүрэг ногдууллаа. Ард түмнийхээ үүрэг даалгаврыг гүнээ ухамсарлаж, иргэдийнхээ итгэл найдвар, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах шийдвэр гаргасан ИЗНН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл, бие даагч гишүүддээ бас гүн талархлаа илэрхийлье. Миний бие энэ цаг үеийг монгол хүн монголдоо сайхан амьдрах болОмжийг бүрдүүлэх хамгийн тохиромжтой, алдаж болохгүй агшин гэж харж байна. Энэ агшинд монголын төр хүчирхэг байж, ард түмний үүрэг болгосон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй. Төр хүчирхэг байна гэдэг нь аливаа албан тушаалтан ард иргэддээ төмөр нүүр гаргаж, хүнд суртлаар далайлгахыг хэлэхгүй ээ. Эсвэл төсвийг тонож, сангаа цөлмөхийг бас ойлгохгүй ээ. Харин төр хүчирхэг байна гэдэг ард түмний өмнө амласнаа ажлаараа биелүүлж харуулдаг, бага зардлаар их үр ашгийг бүтээдэг, авлига хүнд суртлын аранга байдаг, чиг үүрэг нь тодорхой, үйл ажиллагаа нь шуурхай байхыг ойлгож байгаа юмаа. Тийм төрийн бодлогыг түмэн олон дэмжиж, түмэн олныхоо итгэл дэмжлэгээр төр өөрөө хүчирхэгждэг. Бидний хамгийн түрүүн шийдвэрлэх ёстой асуудал бол монгол хүн ажилтай, орлоготой болох явдал юм. Өмнөө зорилготой, шаргуу зүтгэлтэй, хүрсэн ажилтандаа сэтгэл нь ханадаггүй мянга мянган монголчууд байгаа гэдэгт би итгэдэг. Тэдгээр хүмүүс амьдралыг илүү сайн сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй, 13
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw