2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байгаа. 2006 онд батлагдаад өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад орлогын татварын дээд шатлал буюу 25 хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заасан. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм. Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм. Тухайлбал Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой юм. 124
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw