8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай. Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Улс орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, бэлэн болсныг нь хугацаа алдалгүй өргөн барьж, хэлэлцүүлж батлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг энд нэрлэж болно. Өнгөрсөн 5 дугаар сард Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдийн ажилтай танилцахад инновац болох боломжтой судалгааны ажлууд, бодитой бүтээлүүд цөөнгүй байсан. Манайд инновацийг дэмжих экосистемийг бий болгох асуудал тулгамдаж байгаа нь харагдсан. Ийм эко-системийг бий болгохын тулд Инновацийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах цаг болсон. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратегийн төлөвлөлт болох “Алсын хараа-2050”-ыг санаачлан боловсруулж байгаа. Энэ баримт бичиг улс орны тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул Улсын Их Хурал нухацтай хандах ёстойг дурдаж хэлье. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, нийт сангуудын хяналт-хариуцлага, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, шаардлагагүй зарим сангуудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах ёстой гэж үзэж байна. Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм. Намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна. Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн батлахдаа харьяалагддаг намынхаа ялалт, өөрийнхөө сонгогдох боломжийг харж биш, нийт монголчуудын эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг нийт гишүүддээ уриалъя. Энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw