7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Их Хурал 2019 оны намрын ээлжит чуулганаа хийхээр хуран цуглаад байна. Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан 7 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө 2 ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын нэг л чуулган бий. Тиймээс өнгөрсөн 3 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна. Тэр хэрээр Улсын Их Хурлын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна. Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ. Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсэн ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна. Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг Улсын Их Хуралд суудалтай Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална. Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна. Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw