182 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас 1.0 их наяд төгрөг хуримтлагдахаар төсөвлөсөн. Одоо энэ санд 350 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Үүнийг 2030 оноос зарцуулж эхлэх бөгөөд энэ Улсын Их Хурал, Засгийн газар түүхэндээ анх удаа Ирээдүйд зориулсан өв санг нэмэх баланстай үлдээж байна. Мөн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлснийг тэмдэглэж хэлье. Бас Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн санал, дүгнэлтүүдэд үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан. Гэрээг сайжруулах ёстой. Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйд нийцнэ. Өөрийнхөө баялгийг ашиглуулчихаад, эзэн нь болсон монголчууд хоосон төдийгүй, өр төлж байж таарахгүй. Монголын баялгийг ашиглаж байгаа бол Монголын эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой. Энэ бол Монголын ард түмний шаардлага юм. Энэ шаардлага, хүсэмжлэлийг эш үндэс болгон энэхүү тогтоолыг гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тууштай ажиллахыг Засгийн газрын Ажлын хэсэгт даалгаж байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нийт 2 их наяд 152.5 тэрбум төгрөгийн 1438 барилга байгууламж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, 2020 он Их бүтээн байгуулалтын жил байх болно. Талцаж маргаж, олсноо үрэн таран хийж, авлигын ёроолгүй сав руу асган цутгаж, цөөнх нь баяжиж, олонх нь үгүйрдэг байдалд цэг тавих цаг ирсэн. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг, арвижуулан дэлгэрүүлж, бүтээн босгож, амар жаргалтай амьдрах сайн цагийн салхи сэвэлзэх учиртай. Энэ чуулганаар та бид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тусгай сангууд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байжээ. Тэр их мөнгө хүрэх ёстой эзэндээ очсон уу, үр ашигтай байж чадсан уу гэж асуувал хариулахад төвөгтэй байдалд хүрсэн нь 2012-2016 оны гашуун сургамжаас үүдэлтэй нь хэнд ч ойлгомжтой билээ. Тиймээс тусгай сангуудад бугшсан бусармаг байдлыг халах санаачилгыг Улсын Их Хурал, Засгийн газар өөрөө гаргасан. Сангуудыг цэгцэлсэн. Заримыг нь татан буулгасан. Журмыг нь тодорхой болгосон. Одоо сангийн хөрөнгө хяналттай, ил тод болж, жинхэнэ шаардлагатай газар, эздэдээ хүрч, үр ашигтай байх боломж бүрдсэн. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ. Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw