181 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна. Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй. Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа засах, эрүүл шударга, хөгжингүй нийгмийн ирээдүйг тодорхойлох чин зорилготой энэхүү түүхэн өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, Монголынхоо нийт иргэдэд дахин талархал илэрхийлж байна. Улсын Их Хурлын намрын чуулганаар улсын төсвөө баталж, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа. Эдгээрээс онцолж заримыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Эх орныхоо эрдэнэс баялгийн өгөөжөөс ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилготой “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталлаа. Монголчууд ахас ихсээ хүндэлж, ачийг нь хариулахыг хичээдэг сайхан ёс уламжлалтай. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн анхны жишиг нь энэ хууль боллоо. Баялгийн үр шим гагцхүү монгол хүнд, Монголын төлөө зориулагдах учиртай. Чухамхүү энэ энгийн атлаа гарцаагүй зарчмыг үндэс болгож Салхитын болон бусад ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан юм. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврээ өөрийнхөө ахуй амьдралын хэрэгцээнд зарцуулах бүрэн боломж нээгдэнэ. Цаашид байгалийн баялгаас олох орлогын өгөөжөөс нийт ард түмэндээ хүртээх, санд хуримтлуулж, хөгжил дэвшлийн ирээдүйдээ зориулах зарчим тууштай хэрэгжих ёстой гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw