54 НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 1995 онд анх Нийгмийн халамжийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар нэгдсэн удирдлагатай нийгмийн халамжийн бие даасан тогтолцоо бий болж, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, удирдлагыг нь томилж, чөлөөлөхөөр хуульчилсан байсныг 2005 онд өөрчилж, орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын удирдлагыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж, чөлөөлж байх зарчмын өөрчлөлтийг оруулсан билээ. Ингэснээр орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын удирдлагын томилгоо хэт улс төржиж, мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллах боломжийг хязгаарласнаас гадна орон нутгийн улс төрийн албан тушаалтны нөлөөгөөр нийгмийн халамж хавтгайрах хандлагатай болж, халамжийн үйлчилгээ нийгмийн халамжийн нэгдсэн бодлогоос хөндийрч, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан юм. Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах, нийгмийн даатгалын байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг хангах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нараас 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталлаа. Урьд өмнө аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлж байсныг энэ хуулиар өөрчилж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг томилж, чөлөөлөх болсон. Ийнхүү аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг томилдог байсан хэвтээ тогтолцоог өөрчилж, босоо тогтолцоотой болгосноор мэргэшсэн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн халамжийн бодлогыг орон нутагт түргэн шуурхай, хүнд сурталгүй хэрэгжүүлэх, бүх шатны халамжийн байгууллагыг мэргэжил арга зүйн нэгдмэл удирдлагаар хангаж, нийгмийн халамжийн үйлчилгээг бүх шатанд шаардлагатай иргэдэд нь түргэн шуурхай хүргэх боломж бүрдсэн гэж үзэж байна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw