46 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ УЛСНЫ ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ 37 ДУГААР ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталлаа. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон, Хүний жам ёсны заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон, Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн, Иргэд, олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан, Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглаж Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, төрийн болон төрийн бус байгууллага, Амлалт нэхэх ард түмний холбоо, хувийн хэвшил иргэдийн төлөөллийн санал, Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллагуудтай өмнөх жилүүдэд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг үндэслэл болгосон ажээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь иргэн хүний хүртэх үр ашиг, нийгэмд гарах үр дүнгийн өөрчлөлтүүдийг тусгаснаараа өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтой гэж Засгийн газар үзсэн бөгөөд 2012-2016 онд хийх шинэчлэлийн зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааг тодорхойлсон, бүрэн хэрэгжих боломжтой юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь: • Ажилтай, орлоготой монгол хүн, • Эрүүл чийрэг монгол хүн, • Эрдэм боловсролтой монгол хүн, • Аюулгүй орчинтой монгол хүн, • Эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван бүлгээс бүрдэж байгаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw