Чуулганы танилцуулга

43 АЙМАГ, СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Н.Бурмаа, А.Бакей, Н.Батбаяр, Д.Батцогт, С.Баярцогт, Ц.Даваасүрэн, М.Зоригт, С.Оюун нараас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Дээр дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан болно. 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлохдоо хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох зарчмыг баримталсан бөгөөд ингэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог аймгийн төвийн сумын багийн тоо, аймгийн төвийн сумаас бусад сумын тоог үндэслэн 17-41 байхаар тогтоосон. Харин сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тухайн сум, дүүргийн хүн амын тооноос шууд хамааруулан шатлан тогтоосон болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо нь хүн амын тооноос хамааран 15, 21,27, 31 байх бөгөөд дүүргийн хувьд 17, 25, 35, 41 байхаар хуульд тусгасан. 2.Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар: 1/Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явуулахаар хуульчилсан. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоож өгсөн. Үүнтэй уялдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход аймгийн төвийн сумын баг тус бүрээс нэг төлөөлөгчийг, аймгийн төвийн сумаас бусад сум тус бүрээс нэг төлөөлөгчийг, эдгээрээс бусад төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгохоор хуульчилсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw