Чуулганы танилцуулга

41 “ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2012 ОНД ХҮРТЭЭХ ХИШИГ, ХУВИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.2-т “Энэ хуулийн 15.1-д зааснаар сангаас хишиг, хувь хүртээх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэж, мөн хуулийн 17.1-т Монгол Улсын иргэн бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хүртэж болохоор заасан. Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолын 2.3-т “Иргэн бүрт дунджаар 500.000 (таван зуун) мянган төгрөгийн хишиг, хувийг бэлнээр олгох арга хэмжээг 2010-2012 онд үе шаттайгаар зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас иргэн бүрт 1-5 дугаар саруудад сар бүр 21.0 мянган төгрөг, 6 дугаар сард 23.0 мянган төгрөг хүртээснээр 2010-2012 онд иргэн бүрт 500 мянган төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгөөр хүртээх арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссан. Цаашид Хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээхдээ нийтэд нь хавтгайруулан олгож байгааг өөрчлөх, цар хүрээг багасгах, бэлэн мөнгөний хишиг, хувийг тогтмол орлогогүй, нийгмийн дэмжлэг шаардлагатай бүлэгт чиглүүлэх, эмзэг бүлгийн өрхийн орлого огцом буурахаас сэргийлэх шаардлагатай байна. Дээрх шаардлагыг үндэслэн Хүний хөгжил сангаас 2012 оны 11, 12 дугаар саруудад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.0 мянган төгрөг олгохоор тооцож “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолыг батлан гаргалаа. Тогтоол батлагдсанаар Хүний хөгжил сангаас 0-18 насны нийт 978.1 мянган хүүхэд буюу нийт хүн амын 35 орчим хувьд 10-12 дугаар саруудад тус бүр 20.0 мянган төгрөг олгож, өрхийн амжиргааг дэмжих нөхцөл бүрдэнэ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw